Дэлхий нийт хөгжихийн хэрээр жил ирэх тутам гал түймэр, олон улсын хөл хориот болон хүн,  мал, амьтны гоц халдварт өвчин, ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг гамшиг, аюулт үзэгдэл тохиолдох давтамж ихэсч байгаа нь бид бүхний өмнө хууль тогтоомжоо сахин биелүүлж,  эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн байгаль эх дэлхийтэйгээ  харьцах нарийн ухаан, уламжлалаа дээдлэн  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ.

          Энэ чухал цаг үед бид бүхэн аймаг, сум орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад,  ард иргэд та бүхэнтэй хамтран гамшгийн аюулыг сөрөн зогсож, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг амжилттай зохион байгуулж зохих үр дүнд хүрэх болно гэдэгт манай хамт олон итгэл төгс байна.

          Ард иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө бид бүгдтэй хамтран тэмцдэг орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт бие бүрэлдэхүүн, тус байгууллагад ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа хамт олон, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, бид бүхэнтэй хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд та бүхэнд  эрүүл энх, аз жаргал, ажлын амжилтыг  хүсч  эх дэлхий маань гамшиг осолгүй,  хүн ард маань амар амгалан байхын ерөөл дэвшүүлье.

 БАРУУН БҮСИЙН ТӨВ-ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН
ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Б.АЛТАНБАДРАЛТ