Өнөөдөр аймгийн Онцгой комиссын гишүүд 85 хувийн ирцтэйгээр хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргалаа.

71043132_2578195575556796_1561723969378189312_o.jpg

Хурлын эхэнд Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан хүйтний улирлын цаг агаарын төлөв байдлын мэдээллийг сонсов. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх 10-р сарын сүүлийн 10 хоногт олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс орон нутгийн өвс тэжээлийн нөөцийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрдүүлж ажиллахаар боллоо. Харин малчдын өвс тэжээл бэлтгүүлэх ажлыг 10 дугаар сарын 20-ны дотор багтаан бүрэн дуусгахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Хурлаар төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, дулааны станцуудын шугам сүлжээний засварын ажлын явцын талаар хэлэлцэв. Ховд дулааны станцын хувьд урсгал засвараа 100 хувь дуусгасан, одоогоор 3 зуухны экран хоолой засах ажил хийгдэж байна. 700 тн буюу 10-15 өдрийн нүүрсний нөөцтэй. 10-р сарын 1 гэхэд хэрэглэгчдэд халаалт дулаанаа түгээхээр төлөвлөж байна гэлээ. Аймгийн Онцгой комиссын хурлаас Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 09 дүгээр сарын 25-ны дотор зууханд байрлах агаар халаагчийг байрлуулж бэлэн болгох үүрэг өгөв.

“Бадамлах дөл” ХХК-ийн хувьд 4 дэх зуухаа ашиглалтад оруулна. Хар тарвагатайн нүүрсний уурхайд 12 мянган тн нүүрсийг үйлдвэрлэлийн зориулалтаар, дулааны станц дээр 10 мянган тн нүүрс нөөцөлсөн гэж захирал С.Сурмаажав мэдээллээ. Энэ жилийн хувьд Жаргалант сумын газар доорхи 3 км дулааны шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж байгаа. Цаг оройтож эхэлсэн ч өмнөх жилүүдэд хийгдэж байгаагүй засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай юм. Хамгийн гол нь 10-р сарын 1 гэхэд ажлаа дуусгаж, хэрэглэгчдийг халаалт дулаанаар хангах асуудалд анхаарч засварын ажлыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тийм учраас “Дулааны Бадамлах дөл” ХХК-нийн засварын ажлын график төлөвлөгөөг гаргаж хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг, засварын хугацаанд эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтан, байгууллагын дарга нарт үүрэг болгосон юм.

scroll to top