ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

105368046_3233590236683990_7002535141692367709_o.jpg

Цэцэг сумаас 6-р сарын 28-ны өдөр БОЭТ-д яаралтай тусламжаар ирсэн 27 настай иргэн Г-д гоц халдварт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрч, урьдчилсан шинжилгээгээр тус өвчнөөр өвчилсөн болох нь тодорхойлогдсон байна. Одоогоор шинжилгээний сорьцийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд маргааш албан ёсны баталгаат хариу гарах юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын онцгой нөхцөл байдлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгалаа.

БОЭТ-д хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тухайн өвчтөний нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг тодорхойлж, тусгаарлалтад авахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм.

Мөст, Алтай, Мөнххайрхан сумдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл түгээх, Цэцэг суманд шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг шийдвэрийг гаргалаа.

Мөн энэ үеэр иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

scroll to top